Мэдээ

Олон улсын боловсрол эзэмших шалтгаан

Нийтэлсэн: February 21, 2019 Сэтгэгдэлгүй

Боловсрол гэж юу вэ?

Боловсрол гэдэг нь хүн өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэхүйн үйл ажиллагааны үр дүн юм.

Хүн бүр Боловсрол эзэмшсэнээр амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй, бие бялдар, оюун санаа, авьяас чадвараа хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх, шинээр ерөнхий болон бичиг үсэг, мэргэжлийн боловсрол эзэмших, санхүүгийн нөхцөлөө сайжруулах зорилгоор сургалт, өдөр тутмын үйл ажиллагааны олон арга хэлбэрийг ашиглах чадварыг эзэмшинэ.

Тэр дундаа яагаад олон улсын боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Бид аливаа зүйл хийх болон элсэн орохдоо анхлан гол зорилго, асуудлаа тодорхойлох хэрэгтэй. Хаана , ямар боловсрол эзэмших нь ирээдүйд бий болох үнэ цэнийг тодорхойлдог. Тиймээс залуус бид гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцах гол зорилго юу вэ?

ЮНЕСКО-гийн гаргасан тоогоор бол дэлхий дахинд 2010 онд 3.5 сая залуус өөрийн улсаас бусад улс оронд буюу гадаадад дээд боловсрол эзэмшиж байсан бол 2020 он гэхэд бараг хоёр дахин өсөөд зургаан сая хүрэх төлөвтэй байна.

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын нэг гол ялгаа нь боловсон хүчин, тэр дундаа мэдлэг болон туршлага юм байна. Тэгвэл энэ нь залуусын гадаадад суралцах зорилготой ямар холбоотой вэ? Жишээ авч ярилцъя.

Герман болон Монголын хооронд хөгжлийн олон ялгаа бий. Германчууд автомашин, онгоц, эм тариа болон бусад олон нарийн мэргэжлийн салбарт техник, технологийн дэвшил гаргаж, шинжлэх ухааны олон нээлт хийдэг. Монголын тухайд Герман болон бусад өндөр хөгжилтэй орны адил түвшинд шинжлэх ухааны нээлт, дэвшилтэт технологи, үйлдвэрлэл явуулж хараахан чадахгүй байгааг бид сайн мэднэ. Энэ л одоогийн залуусын гадаадад боловсрол эзэмшиж, дутмаг мэдлэг, туршлагаа хуримтлуулаад эх орондоо ирж хэрэгжүүлж, түгээх хэрэгтэй асуудал юм. Мэдээж гадаадад сурахад бидний хамгийн түрүүнд эзэмшсэн байх ёстой чадвар бол хэлний мэдлэг билээ.

Гадаад хэл дангаараа мэдлэг, туршлага, нарийн мэргэжлийн ур чадвар болж чадахгүй. Харин тэр бүхнийг олж авах “түлхүүр” нь юм. Харь оронд сураад, мэдлэг, туршлага эзэмшээд эцэст нь эх орондоо ирж сурсан зүйлээ хэрэгжүүлж, бусадтайгаа хуваалцсанаар бидний зорилго бүрэн гүйцэд биелэнэ. Монголдоо ирсэнээр таны злэх орон зай аль ч гадаад орноос хэд дахин илүү, таны мэдлэг, чадвар хэрэгтэй, нөлөөтэй байх болно. Зарим тохиолдолд амаргүй ч, үүнд бидний гадаадад суралцахын цаад зорилго чиглэж байх ёстой.

Дээд боловсрол ирээдүйн баталгаа

Залуус бид хичнээн хичээсэн ч шөнийн дотор нийслэлийн түгжрээг шийдэхгүй, нөгөөдөр гэхэд гэр хорооллын утаа, хөрсний бохирдлыг арилгахгүй, долоо хоносон ч цахилгаан станц, үйлдвэр, төмөр зам барих ажлыг эхлүүлж чадахгүй. Гэвч бид өөрсдийгөө хөгжүүлж, ирээдүйдээ бэлдэж чадна.

Өндөр хөгжилтэй орны чанартай сургуульд сурахын тулд бид хэлний мэдлэгээр дамжуулж TOEFL, SAT, GRE, GMAT, IELTS гэх мэт шалгалтад бэлдэж тухайн сургуулийн шаарддаг оноог авсанаар хүссэн сургуульдаа элсэн орох цаашлаад тэтгэлэгээр суралцах гэх мэт маш олон сайхан боломж нээгдэнэ. Ингээд л хичээн суралцаад, өөрийгөө хөгжүүлээд явахад тав, арван жилийн дараа бид өөрийн мэргэжил, салбараа мэддэг, эх орондоо хувь нэмэр оруулж чадах боловсон хүчин болсон байна. Олон залуучууд бүгд зүтгэхэд л Монгол Улсын боловсон хүчний дэлхийд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өөрийгөө өндөр түвшинд бэлдэж, дэлхийн хэмжээний боловсон хүчин болсноор бид хамтдаа гар нийлүүлэн дээр дурьдсан асуудлын шийдэл, хөгжлийн гарцыг олж чадна. Ийм ирээдүйг бий болгоно гэдэгт итгэж, үүнийхээ төлөө чанартай дээд боловсрол эзэмшиж, эх орондоо эргэн ирж ажиллахыг та бүхэнд уриалж байна.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.