Мэдээ

Мэргэжил сонгоход юунд анхаарах вэ?

Нийтэлсэн: February 20, 2019 Сэтгэгдэлгүй

Сурагчид мэргэжлээ зөв сонгож чаддаггүй нь оновчтой, цэгцтэй мэдээлэл авч чадаагүй болон мэргэжил сонголтын талаар нарийн мэддэггүйтэй холбоотой. Мэргэжил гэдэг бол тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг чадвар, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Иймд, өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн талаар судалгаа мэдээлэлтэй байх нь хамгийн чухал юм.

Мэргэжлээ зөв сонгох нь өөрийн болон улс орны ирээдүйн хөгжил, карьер төлөвлөлтөд эерэгээр нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг. Тиймээс энэхүү чухал шийдвэрийг гаргахбн өмнө юунд анхаарах хэрэгтэйг танилцуулъя. 

Мэргэжил сонголтод нөлөөлдөг хүчин зүйлс

Үүнд эрэлттэй мэргэжил, цалин, cургуулийн нэр хүнд, найз нөхөд болон гэр бүл, авьяас чадвар, хүсэл сонирхол тэргүүтэй олон хүчин зүйл бий. Гэвч хамгийн гол нөлөөг эцэг эхчүүд үзүүлдэг ажээ. Ахлах сургуулийн сурагчдын мэргэжлээ зөв сонгосон эсэхийг судлахад 15% нь өөртөө итгэлтэгээр, 15% нь төдийлэн бодолгүй, харин үлдсэн 70% нь тодорхой байр суурьгүй сонгож эргэлзэж явдаг гэх хариу гарчээ.

Тиймээс буруу нөлөөнд авталгүй өөрт тохирсон, хүсэл сонирхол, авьяас чадвараа үнэлүүлэх ажил мэргэжил сонгох нь зүйтэй.

Мэргэжил сонголтоос гарах үр дагавар

Одоо сурч буй оюутнуудын 30%, нийт төгсөгчдийн 70% нь мэргэжил сонголтдоо эргэлздэг, тухайн мэргэжлээр ажилладаггүй гэсэн судалгаа бий. Мэргэжил сонголтоо буруу хийх нь олон сөрөг үр дагавартай тул хүсэл сонирхол, онцлогт тохирсон байх нь маш чухал.

Мэргэжлээ зөв сонгосон хүний хувийн амьдрал, сэтгэлзүй тайван эерэг байдаг бол буруу сонголт өөртөө итгэлгүй, сэтгэл түгшсэн, сэтгэлээр унагахад хүргэдэг байна. Дуртай мэргэжлээ сонгосон бол бэрхшээлийг хүндээр биш, харин боломж гэж харах болно.

Хүсэл сонирхол, авьяас чадвараа нээх

Хүсэл сонирхол гэдэг бол хүнийг соронзон мэт татдаг зүйл бөгөөд мэргэжил сонгохдоо сонирхлоо зөв тодорхойлон өөрийн авьяас чадварыг нээн илрүүлэх нь нэн чухал. Мөн өөрийн тань чадвар эзэмших гэж буй мэргэжилд хэрхэн нөлөөлөх талаар мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Хийхийг хүсэж буй зүйлтэйгээ холбоотой дадал, зуршил, авьяаст үндэслэн мэргэжлээ сонгож, өөрийн давуу талаа мэддэг байх нь амжилтын үндэс юм. Ямар нэгэн авьяас ур чадваргүй хүн гэж огт байхгүй. Тиймээс хүсэл сонирхол болон авьяасаа тодорхойлох эрэлд эртхэн гараарай. Интернэтэд “Танд ямар мэргэжил тохирох вэ” нэртэй сорилго тест олон байдгаас бөглөж, мөн өөрийгөө олон зүйлд туршиж үзвэл юунд дуртайгаа мэдэх боломжтой.

Найз нөхөд, гэр бүлээсээ “Би юунд сайн бэ?” гэж асуусан ч болох юм. Таны анзаараагүйг анзаарсан ч юм бил үү.

Хөдөлмөрийн зах зээл ба технологийн дэвшил

Дэлхийд 7000 гаруй мэргэжил байдаг ба техник технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө үед маш олон мэргэжил шинээр гарсаар байна. Нөгөөтэйгүүр, маш олон ажлын байр хиймэл оюун, роботод шилжиж, аливаа мэргэжил хэзээ эрэлтээс гарах нь тодорхойгүй болчихоод буй. Улмаар цалин өндөр, нэр хүндтэй, эсвэл ээж, аавынхаа мэргэжлийг өвлөхөд илүү төвөгтэй болж байгаа юм. Тиймээс, хөдөлмөрийн зах зээлийг ойлгож “Хэдэн жилийн дараа ажлын байранд бэлэн болох вэ?”, “Эдийн засгийн идэвхтэй боловсон хүчин болоход миний ажлын байр үнэ цэнэтэй хэвээр байх уу?” гэх мэт ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, түүнд нөлөөлж буй голлох хүчин зүйлс болсон технологийн талаар бодож үзээрэй.

“Юу тарьна түүнийгээ хураана.”

Ирээдүйн амьдрал, амжилт, карьерт мэргэжил сонголт шууд нөлөөтэй тул онцгой анхаарч, нухацтай хандах хэрэгцээ үүсээд байна.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.